image
Шинэ төгсөгчдийн гаргадаг түгээмэл алдаанууд
Нийтэлсэн :
Worki
2024.05.22

Их сургуулиа амжилттай төгссөн уншигч танд баяр хүргэе! Тэгэхээр та зун дуусахаас өмнө ажилд орж анхны цалингаараа авах зүйлээ аль хэдийнээ төлөвлөсөн л байх. Мэдээж хаана, ямар ажилд орох уу? гээд олон зүйл бодогдож, сандрал, ойлгомжгүй байдал мөн догдлол давхацсан олон мэдрэмж төрж байж магадгүй. Бид бүгд адилхан туршлагагүй, ганц дипломтой шинэхэн төгсөгч байж үзсэн. Тийм ч учраас дараах шинэ төгсөгчдийн ажил, карьертаа гаргадаг түгээмэл алдаануудаас зайлсхийхийг зөвлөж байна. 

1. Өөрийгөө дутуу үнэлэх 

16 жилийн турш боловсрол, онолын мэдлэгт өөрийн цаг хугацаагаа гаргасан та одоо жинхэнэ ажлын талбар дээр гарахдаа өөрийгөө битгий дутуу үнэлээрэй. Мэдээж танаас 2 жилийн өмнө орсон ажилтнаас та туршлагаараа дутуу ч гэсэн технологийн хурдацтай эрин үед та ч бас хурдан туршлагатай бас ур чадвартай болж чадна гэдэгтээ итгэлтэй байгаарай. Тиймээс ажлын зар дээрх шаардлагуудад таны ур чадвар, туршлага 100% таарахгүй ч гэсэн өөрийн CV-гээ явуулаад, өөрийгөө сорьж үзэхийг зөвлөж байна. 

2. Хэт ойр ойрхон давтамжтай ажлаа солих 

Сургуулиа төгсөж, карьераа эхлүүлэх гэж буй хүмүүсийн гаргадаг түгээмэл алдааны нэг бол хэт ойр ойрхон ажлаа солих байдаг. Магадгүй танд тохироогүй ажил эсвэл компани мэт санагдаж байж болох юм. Тиймээс анхны ажлаа маш болгоомжтой, сайн судалж, өөрийн юу хийхийг хүсэж байгаа мөн юу хийж чадах дээрээ эргэцүүлэл хийсний дараагаар ажилдаа ороорой. Эс бөгөөс хүлээлтэд тань хүрээгүй ажил болон компанид орж өөрийн цаг хугацаагаа алдахаас гадна таны CV дээр ч гэсэн тийм ч таатай харагдахгүй л болов уу. 

3. Хүмүүстэй танилцахгүй байх 

Танил тал гэдэг үг ихэвчлэн сөргөөр ойлгогддог. Гэхдээ ажил мэргэжлийн талбар дээр тухайн салбарынхаа хүмүүстэй танилцаж, янз бүрийн уулзалт, цугларалтад явах нь дараа дараагийн боломжуудыг нээж өгдөг. Энэ нь мэдээж ичимхий, дотогшоо хүмүүст хэцүү санагдаж байж магадгүй ч карьерын амжилтад хүрэх зорилготой бол зориглоод үзээрэй. 

4. Soft skill буюу зөөлөн ур чадваруудыг хаях 

Их сургуульдаа та зөвхөн hard skill буюу техникийн чадваруудаа эзэмших гэж суралцсан гэж бодож байвал андуурч байна. Мэдээж янз бүрийн салбарт янз бүрийн программ, онол зэргийг эзэмшсэнээр өөрийн мөрөөдлийн карьертаа хүрнэ. Гэхдээ хүнтэй хэрхэн харилцах, хэрхэн багаар ажиллах зэрэг нь маш чухал ур чадвар. Энэхүү ур чадвар нь зарим хүмүүст заяагдсан байж болох ч хэрвээ та өөрийгөө тийм ч хангалттай гэж бодохгүй байгаа бол яг одоогоос суралцаж эхлэхэд хэзээ ч оройтохгүй бас оролдох тусам сайжирдаг ур чадварууд шүү.  

5. Холбоо таслах 

Шинэхэн төгсөгчдийн ихэвчлэн гаргадаг алдаа бол холбоо тасрах байдаг. Дөнгөж ажиллаад удаагүй байтал багийн тань хүн ажлаасаа гарахад та шууд холбоогоо таслах нь том алдаануудын нэг. Та ч бас ажлаасаа гарахдаа үг дуугүй гэнэт ажлаасаа гарах нь эргээд таны карьерт сөргөөр нөлөөлж магадгүй. Тиймээс ажлаасаа гарч байгаа хүмүүстэй сайн харилцаатай үлдэж, мөн өөрөө ажлаасаа гарч байвал ажлынхаа хүмүүстэйгээ сайн харилцаагаа авч үлдээрэй.  

6. Шүүмжлэл, санааг зөвөөр хүлээж авахгүй байх 

Хурал, уулзалтад дээр менежерүүд болон бусад багийн гишүүд таны хийж байгаа төсөл, ажил дээр шүүмжлэл болон санаагаа илэрхийлэх нь энгийн зүйл. Харин тэрхүү саналыг та мэргэжлийн үүднээс хүлээж авахгүй,өөр дээрээ тусгаж авч болохгүй шүү. Тэрхүү санал, шүүмж нь таны ажлыг сайжруулах зорилготой байдаг тул тэр өнцгөөс нь хүлээн авч ажлаа улам сайжруулаарай. 

Бусад зөвлөгөө