Та карьерынхаа аль нэг үед ажлаасаа гарах шаардлага гарах нь ойлгомжтой. Ажлаасаа гарах болсон шалтгаан юу ч байж болох ч гэсэн та ажлаас гарахдаа мэргэжлийн ханддаг байх хэрэгтэй. Монголын хөдөлмөрийн зах зээлд хэрхэн ажлаасаа гарах тухай хэн ч ярьдаггүй тул хүмүүс чимээгүй нэг өдөр гэнэт алга болж ажлаасаа гарах үзэгдэл түгээмэл байдаг. Гэтэл ажлынхантайгаа сайн харилцаатайгаар ажлаасаа гарах нь цаашдаа таны мэргэжлийн амьдралд тань эерэг нөлөөтэй байж магадгүй юм. Энэхүү нийтлэлээр бид ажлаас гарах алхмуудыг танилцуулах болно.
Ажлаас гарах шалтгаан нь карьераа ахиулах гэдгээс эхлүүлээд магадгүй ажиллаж байгаа байгууллагын тань цалин хангалтгүй, хамт олонтойгоо ойлголцож чадахгүй байх зэрэг ямар ч шалтгаан байж болно. Ажлаасаа гарах шийдвэрээ нэгэнт гаргасан бол мэргэжлийн түвшинд илэрхийлж, ажлаасаа гарах нь хамгийн чухал билээ.
1. Шинэ ажил олгогчоо баталгаажуулаарай
Хэрвээ та одоо байгаагаасаа илүү дээр албан тушаал горилж байгаа бол шинэ ажил олгогчтойгоо бүрэн ойлголцоорой. Ажилд орох хугацаагаа тохиролцож, ажлын саналд албан ёсоор хариугаа өгөхдөө сайн анхаараарай. Ингэснээр хоорондын үл ойлголцлоо багасгаж, таныг шинэ ажилд юу хүлээж байгааг сайн мэдэж авах болно.
2. Багийнхантайгаа ажил хуваарилалтын төлөвлөгөө гаргаарай
Ажлаасаа гарахын өмнө, өөрийн хийж байсан ажил үүргийг багийнхаа гишүүдэд хуваарилан өгч эсхүл өөрийгөө орлон ажиллах ажилтанд шаардлагатай мэдээлэл, зөвлөмжүүдийг өгөөрэй.
3. Ажлаас халагдах өргөдлөө бичиж, гарын үсгээр баталгаажуулаарай
Гарахаасаа өмнө, ажлаасаа юу сурсан, юунд талархаж байгаагаа бичин, ажлаасаа гарах хугацааг оруулаарай. Ингэхдээ, мэргэжлийн үгс ашиглан, тайван өнгө аястай бичээрэй.
4. Хамгийн эхэнд менежертээ хэлээрэй
Таны менежер хамгийн эхэнд мэдэх эрхтэй хүн ба мэдээллээ түрүүлж хүргэснээр багийн үйл ажиллагаанд хэрэгтэй шийдвэр гаргахад тэдэнд хэрэгтэй байх болно. Ганцаарчилсан уулзалт хийх цаг товлон өөрийн нөхцөл байдлаа тайлбарлаарай.
5. Биечлэн уулзаж ажлаас гарах өргөдлөө өгөөрэй
И-мэйл бичиж байснаас илүү биечлэн уулзаж өргөдлөө өгөх нь илүү мэргэжлийн байх болно. Дээр дурдсанчлан ганцаарчлан уулзаж, ажлаасаа гарах хүртэл өдрүүдийг үр дүнтэй төлөвлөхөд чухал ач холбогдолтой. Хэрвээ менежер, удирдлага тань яагаад гарах шийдвэр гаргасан талаар асуух юм бол, ерөнхий бас үнэн хариултыг өгөөрэй. Магадгүй шинэ ажлаас чинь илүү санал тавьж магадгүй шүү.
6. Хангалттай мэдээллийг өг
Өргөдөл дээр тань ажил олгогчид хэрэгтэй мэдээллүүдийг багтааж өгөөрэй. Хөдөлмөрийн хуулийн дагуу 30 хоногийн дараа ажлаас чөлөөлөгдөх бөгөөд ажил олгогчтойгоо харилцан тохиролцсоны үндсэн дээр үүнээс өмнө ч байх боломжтой. Тиймээс ажил олгогчтойгоо сайтар ярилцан шинэ ажилд орох хугацаагаа товлоорой.
7. Өөрийн эд зүйлсээ баглаарай
Менежер болон хамтран ажилладаг хүмүүстээ ажлаасаа гарч буйгаа мэдэгдсэний дараагаар өөрийн зүйлсээ баглаж эхлээрэй. Түрүүлж бусдад мэдэгдсэнээр үл ойлголцол, эвгүй сэтгэгдэл төрүүлэхээс зайлсхийх болно. Бүх шүүгээ, шургуулгаа шалган өөрийн эд зүйлсээ цуглуулаарай.
8. Гарах ярилцлагад бэлэн байгаарай
Зарим байгууллагууд ажлаас гарах үед ярилцлага авдаг. Энэ нь шууд удирдлагатайгаа эсхүл хүний нөөцтэйгөө ярилцдаг. Энгийн ярилцлага мэт хүлээж авч, саналаа зөв илэрхийлээрэй. Ярилцлагын үеэр ихэвчлэн компани юугаараа, яаж сайжрах тухай асуудаг ба үүнд хариулахдаа мэргэжлийн байлгаж аль болох эерэг зүйл дээр анхаарлаа хандуулаарай.
9. Тодорхойлолт асуугаарай
Өөр ажилд ороход шинээр орохыг горилж буй байгууллага тань хуучин ажилладаг байсан хүмүүсээс тань таныг асуух, тодорхойлолт авах магадлалтай ба тэдгээр хүмүүс таны тухай эерэг зүйлсийг хэлэх нь таны дараагийн ажилд хэрэгтэй болно. Таны шууд удирдлагаас тань авсан тодорхойлолт бол ажилд орох үйл явцад хамгийн тус дэмтэй байх болно. Тиймээс эелдгээр тодорхойлолт асуугаарай.
10. Холбоотой байгаарай
Магадгүй тодорхойлолт авч чадаагүй ч гэсэн хуучин ажлынхантайгаа холбоотой байгаарай. Та магадгүй хуучин компанидаа ахин ажиллахыг хүсэхийг үгүйсгэхгүй юм. Мөн хамт ажилладаг байсан хүмүүс чинь илүү дээр ажлын санал болгож ч магадгүй шүү.
Амжилт хүсье!