Хэн нэгэн танаас орох гэж буй ажлаасаа юу хүсэж, хүлээж байгааг тань асууж байсан уу? Магадгүй та дийлэнх хүмүүсийн адилаар хамгийн түрүүнд өндөр цалин гэж хариулж магадгүй. Гэхдээ цалингаас илүү чухал (үнэхээр илүү чухал) олон хүчин зүйлс байдаг. Тиймээс дараа нь харамсахгүй, зөв шийдвэр гаргахын тулд дараах 12 хүчин зүйлсийг тус бүрд нь сайтар судалж, асууж, тунгааж үзсэний дараа өөрт тохирох ажлаа сонгоорой.
1. Компанийн түүх
Мэдээж та ирээдүйг харж чадахгүй ч гэлээ компанийн түүхийг мэддэг байх нь тогтвортой байдал, үнэ цэн болон соёлыг нь ойлгоход тусална. Вэбсайт, сошиал медиа хаягууд, нийтлэл зэргээс боломжит ажил олгогчийнхоо талаар чадах чинээгээрээ олж мэдээрэй.
2. Компанийн үнэ цэн
Таны өөрийн үнэ цэн компанийн үнэ цэнтэй нийцэж байвал та ажилдаа хамаагүй сэтгэл ханамжтай байж чадна. Жишээлбэл та тогтвортой хөгжлийн зорилтуудыг дэмждэг, байгальд ээлтэй амьдрахыг хичээдэг бол энэ чиглэлээр үр дүнтэй үйл ажиллагаануудыг хэрэгжүүлдэг компанийг сонгох боломжтой юм.
3. Байршил
Аливаа ажлыг сонгохоос өмнө ажлын цаг, ажилдаа ирж очиход шаардагдах цаг зэргээ бодитойгоор тооцоолох хэрэгтэй. Хэрэв үнэхээр таны гэрээс хол байршилтай бол өдөр бүр 4-6 цагийг замд өнгөрүүлэхдээ бэлэн эсэхээ өөрөөсөө асуугаарай. Учир нь ажилдаа ирж буцахын тулд түгжрэлд их цагийг зарцуулах нь эргээд таны стресс, сэтгэл ханамжид сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.
Цаашлаад гэр бүл, хайртай дотнын хүмүүстэйгээ өнгөрүүлэх, эрүүл мэнддээ анхаарч фитнест явах цаг зэрэг хувийн амьдралд тань нөлөөлдөг тул ажлын байрны байршил нь сайтар бодох ёстой чухал хүчин зүйл мөн юм шүү.
4. Ажлын цаг
Ажлын цаг нь компани бүрд ялгаатай боловч гагцхүү таны амьдралын хэв маягт нийцэж байх учиртай. Долоо хоног бүр бодитойгоор хэдэн цаг ажиллах ёстой байдаг, илүү цаг тооцдог эсэх, амралтын өдрүүдээр болон нийтээр тэмдэглэх баярын өдрүүдээр ажиллах шаардлага гарах эсэх, ажлын бус цагаар яаралтай үед ажиллахад бэлэн байх эсэх талаар нарийн тодруулж мэдэх хэрэгтэй.
5. Үүрэг хариуцлага
Ажилдаа амжилттай байхын тулд өөрийн давуу тал, онцлог чанартаа тохирсон ажлын байрыг олох нь чухал. Хэрэв танд шийдвэр гаргах, удирдах албан тушаалаас илүүтэй багийн гишүүн болж ажиллах нь тухтай байдаг бол түүндээ тохирсон албан тушаалыг эрж хайгаарай.
6. Өсөж дэвших боломж
Карьерын эхэн үед таныг мэргэжлийн болон хувь хүний хувьд өсөж дэвших боломжоор хангах ажлыг олох нь маш чухал. Дөнгөж ажлын гараагаа эхэлж байгаа бол өндөр цалингаас илүүтэй ур чадвараа нэмэгдүүлж суралцах боломжийг олгох газарт ажиллахыг зөвлөж байна.
Харин карьерын дунд үедээ байгаа бол цоо шинэ чадваруудад суралцах боломжтой, тухтай бүсээсээ гарахад тань туслах ажлыг хайгаарай. Өөрөөр хэлбэл, аль хэдийн мэргэшсэн чадваруудаас гадна цаашид карьерын зорилгодоо хүрэх, тушаал дэвшихэд шаардлагатай чадваруудыг эзэмших хэрэгтэй юм.
7. Үнэлэмж, сайшаал
Хичээл зүтгэл гаргаж ажилласны дараа хүн бүр үнэлүүлэхийг хүсдэг нь нууц биш. Тиймээс ажил хайх үедээ боломжит ажил олгогч тань хэрхэн ажилтнуудынхаа хичээл зүтгэл, өсөлтийг үнэлж дэмждэгийг олж мэдээрэй. Жишээлбэл, жилийн эцсийн бонус, компаниас зардлыг нь даах аялал, шагнал гэх мэт зүйлс байж болно.
8. Ажил амьдралын баланс
Сэтгэл зүйн болон биеийн эрүүл мэнд ямар ч цалингаас илүү үнэ цэнтэйг хүмүүс оройтож ухаардаг юм шиг санагддаг. Ачаалал ихтэй, шаардлага өндөртэй ажил богино хугацаандаа танд сэтгэл ханамж өгч буй мэт боловч урт хугацаандаа эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Тиймээс боломжит ажил олгогчоосоо өвчтэй үе болон амралтын үеүдэд хэдэн өдрийн цалинтай чөлөө олгодог, гэрээс ажиллах боломжтой эсэхийг лавлаж асуугаарай.
9. Ажлын орчин
Бид өдөрт багагүй цагийг ажил дээрээ өнгөрүүлдэг тул таны ажиллах орчин сэтгэлд нийцэж байх учиртай. Юун түрүүнд жижиг стартап эсвэл том корпорацын алийг нь илүүд үзэхээ өөрөөсөө асуугаарай. Ажилд орохоосоо өмнө оффисоор зочилж үзмээр байгаагаа хэлж болно.
Ярилцлагад орохоор очих үедээ ажилтнууд ажил дээрээ чөлөөтэй, сэтгэл ханамжтай харагдаж байгаа эсэхийг болон тухайн оффис танд ямар мэдрэмж өгч байгааг анзаараарай. Танд төрж буй анхны сэтгэл, мэдрэмж худлаа ярих нь ховор. Мөн хувцаслалтын тал дээр дүрэм журам бий эсэхийг асуухаа мартуузай.
10. Хамт ажиллах хүмүүс
Таны ирээдүйн хамтран ажиллагсад амьдралын тань чухал хэсэг болох учраас ажлын саналыг хүлээж авахаас өмнө судалгаагаа сайн хийх хэрэгтэй. Боломжтой бол аль хэдийн ажилладаг хүнтэй урьдчилан холбогдоод ажлын байрны соёл, атмосфер, удирдлагуудын менежментийн арга барил, ажлын ачаалал зэргийг лавлавал сайн.
11. Цалин хөлс, урамшуулал
Таны цалин хэрэгцээг тань хангаж сэтгэл ханамжтай байлгахуйц байх ёстой. Таны ажилладаг салбарын дундаж цалин ямар байдгийг судлаад цалингаа тохиролцоход бэлэн байгаарай. Цалингаа илүү өндрөөр тохиролцох зөвлөгөө бүхий нийтлэлийг эндээс уншаарай.
12. Технологи
Ихэнх ажлын байруудад компьютер, гар утас, таблет зэрэг технологийн хэрэгслүүд хэрэг болдог. Ажлын санал авахаасаа өмнө компаниас эдгээр зүйлсийг олгодог эсвэл өөрөөсөө гаргах ёстой эсэхийг лавлаарай.
Хүсэж буй ажил тань дээрх хүчин зүйлсийн хувьд таны шаардлагад нийцэж байвал та илүү сэтгэл ханамжтай байхаас гадна карьерын хувьд өсөж хөгжиж чадна. Гэхдээ мэдээж бүхий л шаардлагад тань нийцэх ажил ховор учраас зарим зүйлс дээр буулт хийх шаардлагатай болдог. Тиймээс өөрийн хайж буй хамгийн чухал зүйлсийг тодорхойлоод үзээрэй. Амжилт хүсье!