image
Ажлын стресс тайлах үр дүнтэй аргууд
Нийтэлсэн :
Worki
2023.10.12

Нийт ажилчдын дунд ядаргаа болон стрессийн түвшин нэмэгдсээр байгааг олон судалгаа харуулдаг. “2023 оны дэлхийн ажлын байрны байдал” тайлан судалгаагаар дэлхий даяар нийт ажилтнуудын 43 хувь нь өдөр тутамдаа стресс ихтэй ажилладаг хэмээсэн нь тийм ч бага тоо биш билээ. Түүгээр ч зогсохгүй ажил дээрээ стрессдэж байдаг хүмүүс өөр газар ажил хайх магадлал гурав дахин ихэсдэг байна. 

 

Ядаргаа болон стрессээ тайлахгүй удсанаар “burnout” буюу бие, сэтгэлийн хувьд эцэж туйлдахад ч хүрэх эрсдэлтэй. Тиймээс хэрэв та ажил дээрээ өөрийгөө ядарч стрессдэж байгаагаа мэдрээд байгаа бол шинжлэх ухааны дагуу стрессээ тайлах үр дүнтэй аргуудыг танд танилцуулъя. 

 

1. Оюун бодлын хувьд ажлаасаа хөндийрөх цагтай байх

 

Өдөр тутамдаа ажлын талаар огт бодохгүй байж өөр зүйлсэд (ном унших, дасгал хийх, видео тоглоом тоглох, хоол хийх) цагаа зарцуулах нь стресс тайлах болон стрессээс сэргийлэхэд үлэмж нөлөөтэй. 

 

Судалгаанаас үзэхэд, амарч байх үедээ ажлын талаар бодох нь хүртэл таны стрессээ тайлж сэргэх чадварыг бууруулдаг аж. Тийм учраас өдөр бүр тодорхой хугацааг ажилтай огт холбогдолгүй зүйлийг хийхэд зориулж байгаарай. 

 

2. Ажлын өдрийн турш жижиг завсарлагууд авах 

 

Стрессээ тайлж амрах нь зөвхөн ажлын дараа эсвэл ээлжийн амралтын үеэр л биелэх боломжтой зүйл гэсэн ташаа ойлголт байх нь элбэг. Гэвч ажлын өдрийн турш авсан богино завсарлагууд буюу ойр ойрхон 10 минутын турш амарч байх нь ажлын стресс, дарамтаас ангижрахад үр дүнтэй нөлөө үзүүлдэг байна.

 

Түр завсарлаад бясалгал хийх, эрүүл хөнгөн зууш идэх, ажлынхантайгаа яриа өрнүүлэх зэрэг нь танд урам зориг болон эрч хүч бэлэглэж, төвлөрлийг нэмэгдүүлж, сэтгэл санааг ерөнхийд нь дээшлүүлдэг аж. Хэдий завгүй, ачаалал ихтэй байсан ч жижиг завсарлагууд авахад цаг гаргаж хэвшвэл ажлын бүтээмж тань нэмэгдэх нь байна шүү.

 

3. Тав тухтай орчин бүрдүүлэх 

 

Таны стресс, сэтгэл санааны байдал зэрэгт нөлөөлдөг өөр нэгэн чухал хүчин зүйл бол хүрээлэн буй орчин байдаг. Тиймдээ ч байгальд цаг өнгөрөөх нь стресс бууруулахад хамгийн үр дүнтэйг олон судалгааны үр дүнгүүд нотолдог. Оффисыг ургамал, цэцэг буюу ногоон орчноор хүрээлүүлэх нь ядаргаанд орохоос сэргийлж таны ерөнхий эрүүл мэндийг дэмждэг аж. 

 

Оффис дээрээ цонхоор харах, ургамал цэцэгс байршуулах, нарны гэрлийн шууд тусгал орж ирэх зэрэг жижиг зүйлс хүртэл ажилтнуудын нойрны чанар, стресс, ерөнхий эрүүл мэндэд эергээр нөлөөлдөг нь батлагджээ. (хамгийн сонирхолтой нь компьютерын дэлгэц дээрээ байгалийн зураг харах хүртэл стресс тайлахад тустай гэсэн шүү) 

 


 

4. Өөрийгөө шагнаж байх 

Амралт авалгүй ажиллаж ажлынхаа талаар үргэлж бодох нь үр бүтээлтэй эсвэл зөв мэт санагдаж байж болох ч яг үнэндээ таны эрүүл мэнд болон эргэн тойрны хүмүүстэй харилцах харилцаанд сөрөг нөлөө үзүүлж байдаг. Тиймээс төгс рүү тэмүүлэх гэж хичээж өөрийгөө ядраахын оронд хамгийн сайнаараа хичээхэд л хангалттайг санаарай. 

 

Аливаа ажлыг төгс мэт хийх гэж хичээн түүндээ хүрч чадахгүйдээ бухимдахын оронд хичээл зүтгэл гаргаж байгаа өөртөө баяр хүргэж шагнаж байгаарай. Ингэснээр ажлын бүтээмж тань дээшилж стресс багатай ажиллаж чадна. Эцэст нь, та хичээл зүтгэл гарган ажиллаж байгаа нь өөрөө том амжилт билээ.

 

 

Бусад зөвлөгөө