Монголын хахир хатуу өвөл, ааш нь олдохгүй хаврын дараа эцэст нь нэг юм зун цаг ирлээ. Олон олон шоу тоглолт, бөөн зугаалга эхэлж байгаа цагт л амралтаа авахгүй бол яах вэ дээ тийм ээ? Гэхдээ та ээлжийн амралтаараа авах цалингаараа энэ бүгдийг хийж амжих уу?
Та ер нь ээлжийн амралтын цалинг хэрхэн боддог гэдгийг мэдэх үү? Амралтаараа бүтэн цалингаа авна гээд байдаг ч яг бодит байдал дээр гар дээр авч байгаа цалин бага байдаг. Гэтэл амралтынхаа төлөвлөгөөг өндөр төсөвтэй гаргачихсан байсан чинь төсөөлснөөс чинь бага мөнгө ороод ирсэн байх мэдрэмж бас л муухай шүү. Тиймээс бид бодит төсөөлөлтэй болж, санхүүгээ ч зөв төлөвлөх хэрэгтэй.
Энэхүү нийтлэлээрээ бид ээлжийн амралтын цалин хэрхэн бодогддог талаар Билгүүний жишээн дээр, танд аль болох ойлгомжтой тайлбарлахыг зорьлоо. Учир нь Монголын Татварын хууль, Нийгмийн даатгалын хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Байгууллагын дотоод журам зэргээс хамааран цалингийн тооцоолол өөр өөр байдаг. Иймд та бүхэн хамааралтай хуулиуд болон Хөдөлмөрийн гэрээгээ сайн уншаарай.
Билгүүн нь одоо ажиллаж байгаа байгууллагатаа 1-р сарын 1-ээс эхлээд 8 сарын 31-ний өдөр дуустал, нийт 8 сар Оффис админы албан тушаалд нэг ч ажил таслахгүй ажилласан. Ажилтан хуулийн дагуу 6 сар ажилласан бол ээлжийн амралтаа авах эрх нь үүснэ. Гэхдээ Билгүүн маань ажил ихтэй байсан учраас 9-р сарын 1-ээс ээлжийн амралтаа аван хөдөө явахаар төлөвлөсөн байгаа юм. Түүний ээлжийн амралтын хоног нь хуулийн дагуу ажлын 15 хоног байгаа болно.
Тэгвэл Билгүүний ээлжийн амралтын цалинг яаж бодох вэ?
Билгүүний гэрээн дээр заагдсан үндсэн цалин нь 1 сая төгрөг ба 8 сарын цалин нийтдээ 8 сая төгрөг гэсэн үг. Үүнээс бид ээлжийн амралтын цалинг бодох болно.
Хуулийн дагуу ажилласан хугацаандаа авсан цалингийн дунджийг ээлжийн амралтаар олгодог. Билгүүний хувьд нэг ч удаа ажлаа таслаагүй, хоцроогүй бас илүү цагаар суугаагүй байгаа. (Тэр төмөр биетэй гэх үү дээ.🤣 Гэхдээ яг үнэндээ тооцоолол хийхэд надад амархан байсан юм аа).
Бид эхлээд өдөрт авдаг цалинг нь бодох ёстой. Ингэхдээ эдгээр саруудад түүний ажилласан нийт хоногийг тооцоолно. Билгүүний хувьд нийт ажилласан хоног нь 165 байгаа ба түүний нэг өдрийн цалин нь 48’484 төгрөг болж байна.
Дараа нь ээлжийн амралтын цалинг тооцоолох болно. Ингэхдээ өдөрт ноогдох цалинг ээлжийн амралтын өдөрт үржүүлнэ. Билгүүний ээлжийн амралтын цалин 727’272 төгрөг болж байна.
Гэхдээ Билгүүний маань гар дээрээ авах цалин нь хэд байх вэ?
Мэдээж Билгүүн Монгол Улсын сайн иргэн тул хуулийн дагуу нийгмийн даатгал болон хувь хүний орлогын албан татвар төлөх ёстой. Билгүүний амралтын цалин нь 727’272 төгрөг тул нийгмийн даатгалд 11.5% буюу 83’636 төгрөгийг төлж, хасагдсан дүнгээсээ 10% буюу 64’363 төгрөгийг Хувь хүний орлогын албан татварт өгөх ч гэсэн үндсэн цалин нь 1’000’000 тул татвараас 18000 төгрөгийн хөнгөлөлт эдэлж 46’363 төгрөгийг төлснөөр эцсийн дүнд 597’273 төгрөгийг гар дээрээ авах юм.
Хэрвээ Билгүүн ажлаа тасалсан, чөлөө авсан, илүү цагаар ажиллаад нөхөж амраагүй гэх мэт тохиолдлуудад түүний цалингийн дүн ихэсч эсвэл багасч болно. Нийгмийн даатгал, ХХОАТ нь цалингийн хэмжээ болон тухайн хүний ажлын онцлогоос хамаарч хуулийн дагуу өөр өөр хувиар тооцогддог тул таны хувьд өөр дүн гарах боломжтой гэдгийг сануулъя.
Бидний ажилласан цаг, минутыг хүртэл үнэлдэг тул сайтар санах хэрэгтэй. Энэ нь эргээд, амралтын цалин нь таны төлөвлөсөн аялалд хүртээмжтэй байх эсэхэд хүртэл нөлөөлдөг байх нь. Дээр дурдсанчлан хүн болгоны ажиллах нөхцөл, гэрээ нь өөр өөр байх учир хүний нөөц, удирдах албан тушаалтантайгаа ярилцаж, зөв бодит мэдээлэл аваарай.
Сайхан аялаж, сайхан амраарай.
Хуулиудтай танилцах:
Хөдөлмөрийн тухай хууль: https://legalinfo.mn/mn/detail?lawId=16230709635751
Хувь хүний орлогын албан татварын хууль: https://legalinfo.mn/mn/detail/14410
Нийгмийн даатгалын тухай хууль: https://legalinfo.mn/mn/detail?lawId=390