Одоогийн өрсөлдөөнт хөдөлмөрийн зах зээлд амжилттай явахад манай монголчуудын хэлж сурснаар “ажлын анкет” нь маш чухал ач холбогдолтой байдаг. Ажлын анкет гэж нэрлэгдэж байгаа ч CV буюу өөрийн товч намтраа та зөвхөн горилж буй ажлын байр гэлтгүй боловсролын боломж, тэтгэлэг зэрэг рүү явуулахад ч мөн хэрэг болдог.
Таны хүсэж буй ажлын байр эсвэл тухайн боломж дээр танаас гадна хэдэн хүн явуулсан бол? Тэгвэл танд тэдгээр хүмүүсээс юугаараа ялгарч, яаж хүний нөөц, сонгон шалгаруулалтын ажилтан эсвэл бүр захирлын нүдэнд тусах талаар бодож эргэцүүлэх шаардлага гарч магадгүй.
Дээр дурдсанаар, тухайн ажил олгогчдоо тааруулан өөрчлөх нь та тухайн ажил олгогчийн хайж буй ажилтанд хамгийн сайн тохирч болохуйц ажил горилогч гэдгээ харуулах юм. Хэт ерөнхий юм бичих, хийж байсан бүх ажлуудаа жагсааж бичсэнээр олон мэдээлэл дунд хэрэгтэй мэдээлэл нь хаягдах эрсдэлтэй байдгаас гадна тэдгээрийг нэг бүрчлэн харах хүн таны найзаас өөр хүн байхгүй л болов уу?
CV дээрээ өөрийн хөөрхөн зураг, гоё утасны дугаар, хоббиноос гадна таныг илэрхийлэх маш чухал хэсэг бол “Миний тухай” юм. Энэ хэсгийг ихэнх ажил горилогчид хаях эсвэл нэр, нас, төгссөн сургуулиа бичих хандлагатай байдаг. Гэвч сонгон шалгаруулалтын ажилтан “Миний тухай” хэсгийг хамгийн түрүүнд харж, нэг ёсондоо анхны сэтгэгдлээ авдаг. Анхны сэтгэгдэл бол хүн бүрт чухал мэдрэмж гэдгийг бид бүгд мэднэ. Ингэхээр “Миний тухай” хэсэг маш чухал байгаа биз?
Та өөрийнхөө тухай бичих гэтэл юу бичихээ мэдэхгүй, магадгүй би хэн юм бэ? гэдэг оршихуйн асуултад автах байх. Гэхдээ энэ нь тийм гүн гүнзгий зүйл бодоод байх шаардлагагүй юм.
Жишээ нь, би График дизайнер гэж бодвол миний тухай хэсэг дээрээ: “3 жилийн туршлагатай шинийг санаачлах болон асуудал шийдэх, багаар ажиллах чадвартай олон шинэ зүйл хийх хүсэл эрмэлзэлтэй график дизайнер …. байна. Карьерынхаа явцад сошиал медиа постероос гадна, хүүхдийн номын дижитал зураг зурах, том хэвлэлтийн ажлууд, зар сурталчилгааны санаа гаргах гэх мэтчилэн энтэртаймент ажлуудыг хийсэн. Миний дизайны процесс нь эхлээд менежертэйгээ ярилцаж, санаагаа нэгтгэсний дараагаар олон судалгаагаар дизайны сонголтуудыг гаргана. Үүний дараагаар хүссэн дизайныг Adobe Photoshop дээр хийж, засваруудын санаагаа оруулсны эцэст сүүлийн дизайныг олон нийтэд цацаж дуусдаг. График дизайнерын хувьд хамтран ажиллаж буй хүнийхээ санаа бодлыг сонсох, түүнийг тусгахыг зорьдог ба төсөвлөсөн санхүүгийн дагуу чанартай эцсийн бүтээгдэхүүн гаргахыг чухалчилдаг. Миний CV-тэй танилцсанд баярлалаа, удахгүй хамтран ажиллана гэж найдаж байна.” ингэж бичиж болно. Хэт урт бас богино биш хэр нь тухайн албан байгууллагын хайж байгаа хүнийг (шаардлага гэсэн хэсгээс будаа идээрэй) нь дүрсэлсэн байгаа юм.
Та арай байгууллагад ажилласан хугацаа, албан тушаалаа бичээд орхичихсон юм биш биз? Туршлага хэсэг дээр та хугацаа, албан тушаалаас гадна тухайн ажил дээрээ ямар үүрэгтэй, ямар ажилд оролцож байсан талаар дэлгэрүүлэх нь таны ажлын хувьд ямар хүн бэ гэдгийг тодорхойлох юм. Гэхдээ энэ нь хэт урт байх хэрэггүй буюу маш товч тодорхой зүйлсийг бичих хэрэгтэй. Жишээ нь:
Worki ХХК, График Дизайнер, 2022.04-2023.06
Хийсэн ажил:
1.Компанийн маркетинг төлөвлөгөөний дагуух бүх дижитал болон хэвлэлийн эх бэлтгэлүүдийг хийдэг байсан.
2.Маркетинг төлөвлөгөө гаргахад оролцсон.
3.Брэндийн бодлогын боловсруулалт хийсэн.
Иймэрхүү байдлаар хийсэн ажлуудаа мөн ажил олгогчийн шаардлагыг харж байгаад тодотгох зүйлсийг түрүүнд бичээрэй.
Энэхүү хэсэг дээр хэт олон ур чадваруудыг оруулахаас зайлсхийж ажлын зар дээр тавигдсан ур чадваруудыг оруулах хэрэгтэй. Магадгүй зар дээрээ цагийн менежмент сайн гэсэн байвал цагийн менежмент гэдгийг оруулаарай (гэхдээ жинхэнээсээ сайн байвал шүү дээ). Мэдээж техникийн ур чадварыг орхигдуулж болохгүй. Үүнийгээ батлах диплом, сертификат, өмнө хамт ажиллаж байсан дээд албан тушаалтны тодорхойлолт зэргийг оруулж болно.
Эдгээрийг дүгнэхэд, CV-гээ тухайн ажил олгогчийн шаардлага болон онцлогийн дагуу өөрчилж байх нь таны CV илүү үнэ цэнтэй болдог байх нь. CV нь зөвхөн ажлаа солих гэж гаргаж ирдэг албан бичиг бус энэ бол таны карьер, ажлын амжилтын тань баримт болдог. Тиймээс CV-дээ чухал ач холбогдол өгч байгаарай.
Worki платформ CV бичих процессыг амархан бас хурдан болгосон тул word дээр бүх зүйлээ өөрөө хийж цаг алдалгүй CV-гээ үүсгээрэй. Танд амжилт хүсье.